Дэлхий

Дэлхийн хамгийн шилдэг 10 Покерчин

Мөрийтэй тоглоом, тэр дундаа покерын зах зээл асар том. ХХ зууны эхэн үеэс эхлэн хүчээ авсан  уг тоглоомын “тамирчид” магадлал, сэтгэл зүй, онол дээр үндэслэн цэвэр ур чадвар, гүйлгээ ухаан, стратегиэр өрсөлдөгчөө буулган авхын төлөө тоглож байдаг. Зарим хүмүүс найз нөхдийнхөө хүрээнд чөлөөт цагаа зугаатай өнгөрүүлэх гэж багахан хэмжээний мөрийтэйгээр тоглодог болмэргэжлийн покерчдын хамгийн шилдгүүд нь сая сая ам.долларын төлөө тоглодог. Тэгвэл энэ спортын хамгийн шилдгүүд нь хэн бэ?

Энэхүү жагсаалтад орсон 10 покерчин бол томоохон тэмцээнүүдэд тогтмол оролцдог, одоо хүртэл тоглож байгаа тоглогчид юм.

1.Daniel Negreanu

Дэлхийн хамгийн шилдэг тоглогчдын нэг Дэниель Негреан тэмцээнүүдээс 39.5 сая ам.долларыг хожсон амжилтаараа бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой тоглогчийн жагсаалтыг тэргүүлж байгаа нэгэн. Канад гаралтай Негреану WSOP-ын зургаан удаагийн аварга, World Poker Tour-ын хоёр удаагийн аварга юм.

Global Poker Index-ээр 2014 онд сүүлийн 10 жилийн хамгийн шилдэг тоглогч болж байсан тэрбээр үзэгчдийн хайрыг татсан нэгэн. Үргэлж инээж байдаг, алиа хошин зантай Негреану WSOP-ын 2004 болон 2013 онд Оны шилдэг тоглогчоор тодорч, ийм амжилт үзүүлсэн цорын ганц хүн болсон юм.

Мөн тэрбээр WSOP-ын бугуйвч олгодог гурван тэмцээн буюу Лас Вегас, Европ, Ази-Номхон далайн тэмцээнүүдийн финалын ширээнд сууж байсан анхны, гурвуулангаас нь аварга болсон анхны тоглогч юм. Негреанугийн нэрийг 2014 онд Покерын алдрын танхимд бичсэн билээ.

2.Jonathan Duhamel

Ихэвчлэн малгайтай цамц өмсөж тоглодог Жонатан Духамел энэ үйлдлээ өрсөлдөгчдөө сэжүүр өгөхгүй байхаас илүүтэй өөртөө тав тухтай байх хэмээн тайлбарласан байдаг.

Тэрбээр WSOP (World Series of  Poker)-ын гурван удаагийн аварга, дэлхийн хамгийн амжилттай яваа тоглогчдын нэг юм. Канад улсад төрж өссөн Жонатан финалын ширээнд 8 удаа үлдэж, шагналт байранд 26 удаа орж байсан тэрбээр покерын тэмцээнүүдээс нийт 15 сая ам.доллар олжээ.

Сонирхуулахад, 2011 онд түүний гэрт дээрэмчид оржээ. Дээрэмчид Духамелыг зодож, Main Event-ийн шагнал болох Rolex цагийг нь 150 мянган ам.долларын хамт авсан байдаг. Хэрэг гарсан долоо хоногтоо Духамелын хуучин найз бүсгүй Бианка Рожас-Латраверс энэ халдлагыг зохион байгуулсан нь баригдаж, 3.5 жилийн хорих ял авсан байна.

3.Jamie Gold

Өмнө нь авъяастны ангуучаар ажиллаж байхдаа шоубизнесийн супер од Жимми Фаллоныг алдар нэрт хүргэж байсан Жэйми Гоулд мэргэжлийн покерчин болоод асар их амжилтыг олжээ. Ээж нь покерчин байсан тэрбээр багаасаа л покерт дуртай байсан гэдэг. Жэйми WSOP-ын аварга Жонни Чан, Крис Монимэйкер нартай телевизийн шоу хийж байхдаа илүү сайн суралцаж, 2005 оноос эхлэн тогтмол томоохон тэмцээнүүдэд оролцож эхэлсэн юм.

“Comeback Kid” хочит Жэйми 2006 онд WSOP-ын аварга болсон байдаг. Тэрбээр харьцангуй бага буюу 10 мянган ам.долларын босготой тэмцээнд оролцож, түүнийгээ 12 сая ам.доллар болгосон гэхээр хэр чадварлаг тоглогч болох нь ойлгомжтой байх.

4.Sam Trickett

Одоогоор WSOP тэмцээнд ялж үзээгүй цөөхөн хэдэн агуу тоглогчдын нэг бол Сэм Трикетт юм. Өдгөө 31 настай “Tricky” мэргэжлийн хөлбөмбөгчин байж байгаад 2005 онд өвдгөндөө гэмтэл авч, спортоо орхиход хүрснийхээ дараа покер тоглож эхэлсэн байдаг. WSOP тэмцээнд шагналт байранд 7 удаа орж, финалын ширээнд 2 удаа үлдэхдээ тэмцээнд ялж байгаагүй ч гэсэн тэмцээний түүхэн дэх хамгийн өндөр хонжвор авсан тоглогчдын нэг болсон юм.

Тэрбээр 2012 онд WSOP-ын түүхэн дэх хамгийн өндөр buy-in тэмцээн буюу 1 сая ам.долларын босготой тэмцээнд оролцож, хоёрдугаар байрт орохдоо 10,112,001 сая ам.доллар хожсон байна. Үүнээс гадна Сэм Трикетт ман олон тэмцээнд оролцож, өндөр амжилт үзүүлдэг бөгөөд 2018 оны 1 дүгээр сарын байдлаар шууд дамжуулалттай тэмцээнүүдээс олсон орлого нь 20.8 сая ам.долларт хүрээд байгаа аж.

5.Phil Ivey

“Покерын Тайгер Вудс” хочтой Филь Айвиг дэлхийн хамгийн шилдэг тоглогчдын нэг гэдэг. АНУ-аас гаралтай Филь WSOP-ын 10 удаагийн аварга, World Poker Tour-ын нэг удаагийн аварга тоглогч юм. Мөн WSOP-ын финалын ширээнд 31 удаа үлдэж, 55 удаа шагналт байранд орсон.

1990-ээд оны үеэс найзуудтайгаа тоглож эхэлсэн тэрбээр насанд хүрээгүй байхдаа хуурамч бичиг баримт ашиглан тоглож байгаад баригдаж байв. Филь Айви 2002 онд л гэхэд WSOP-ын гурван бугуйвчийн эзэн болж, нэг жилийн дотор хожсон бугуйвчийн тоогоор Филь Хеллмут, Тед Форрест, Пагги Пийрсон нартай эн зэрэгцсэн билээ.

Филь Айвиг 2017 онд Покерын Алдрын танхимд мөнхөлсөн юм.

6.Greg Merson

Онлайн покерт “Gregy20723” нэрээр олонд танигдсан Грег Мерсон одоо дөнгөж 30 настай ч өнөө цагийн хамгийн шилдэг тоглогчдын нэгд зүй ёсоор тооцогдоно. WSOP-ын финалын ширээнд 4 удаа үлдэж, шагналт байранд 19 удаа орж байсан Грег хэдийнээ хоёр удаа WSOP-ын аваргын бугуйвчийг аваад байна. Энэ амжилтынхаа ачаар 2012 оны WSOP-ын Оны шилдэг тоглогчийн шагнал хүртэж байв. Үүнээс гадна WPT (World Poker Tour), EPT (European Poker Tour)-д ч амжилттай тоглодог юм.

2003 оноос анх тоглож эхэлсэн тэрбээр мэргэжлийн покерчин болсноосоо хойш даруй 11 сая гаруй ам.доллар хожоод байгаа юм.

7.Daniel Colman

1990 онд төрсөн Дэниель Колман хэдэн жилийн дараа дэлхийн хамгийн шилдэг покерчин болохыг үгүйсгэхгүй. Дөнгөж 27 нас хүрээд байгаа хэдий ч хэдийнээ 29 сая ам.долларыг тэмцээнүүдээс олсон тэрбээр WSOP-ын нэг бугуйвч хожоод байна. Түүний хамгийн том хожил бол 2014 оны WSOP буюу 1 сая ам.долларын босготой тэмцээнд алдарт Дэниель Негреанутай аваргын төлөө тоглон хожиж, 15.3 сая ам.долларыг халаасалсан явдал билээ.

Колман ихэвчлэн онлайн покер тоглодог ба “mrGR33M1E”, “riyyc225” нэрийг ашигладаг аж.

8.Martin Jacobson

WSOP зэрэг америкчуудын давамгайлдаг тэмцээнүүдэд Европ тоглогч амжилт үзүүлэх нь тийм ч элбэг байдаггүй. Гэхдээ тогоочоор ажиллаж байгаад мэргэжлийн покерчин болсон Швед гаралтай Мартин Жэйкобсон дэлхийн томчуудын эгнээнд хэдийнээ оржээ.

WSOP тэмцээнд шагналт байранд 31 удаа орж, дөрвөн удаа финалын ширээнд шалгарч, нэг удаа аварга болсон юм. Тэрбээр аварга болсон 2014 оны WSOP тэмцээнээс хожсон 10 сая ам.доллар нь энэ тэмцээний түүхэн дэх тав дахь том шагнал болсон билээ.

Одоогийн байдлаар түүний тэмцээнүүдээс олсон орлого нь 15 сая ам.доллар даваад байгаа юм.

9.Antonio Esfandiari

Жагсаалтын тэргүүнд “The Magician” хочит 39 настай Антонио Эсфандиариг бичиж байна. Иран гаралтай Эсфендиари 9 настай байхдаа Калифорни мужид ирсэн ба 19 настайдаа Амир нэрээ Антонио болгон өөрчилсөн нь хожим түүний хоч болсон “илбэчин” болох мөрөөдөлтэй нь холбоотой юм.

WPT-ын хоёр удаагийн аварга, WSOP-ын гурван бугуйвчийн эзэн тэрбээр 2012 онд 1 сая ам.долларын босготой тэмцээнд ялж, покерын тэмцээний түүхэн дэх хамгийн өндөр хонжвор буюу 18,346,673 ам.долларыг хожсон билээ. Энэ амжилт нь 2014 онд Дэниель Негреануг эвдэх хүртэл бүх цаг үеийн хамгийн өндөр хонжвор болж байсан юм.

Хэдийгээр нээлттэй тэмцээнүүдээс 28 сая ам.доллар хожсон байдаг ч дэлгэцээс гадуур асар их мөнгө хождог нь түүний эзэмшдэг бизнесүүд, орд харшаас нь илт харагддаг.

Антонио өдгөө World Poker Tour-ын нүүр царай юм.

10.Phil Hellmuth

Мэргэжлийн покерчдын дунд ахмад үед тооцогддог Фил Хеллмут 30 гаруй жилийн өмнө мэргэжлийн тамирчин болсон нэгэн. Тэрбээр WSOP-ын тэмцээнүүдээс 14 удаа аваргалсан рекорд амжилтыг эзэмшдэг. Мөн 108 удаа шагналт байр, 52 удаа финалын ширээнд суусан рекордтой.

Фил 24 настайдаа буюу 1989 онд анхныхаа WSOP-ын бугуйвчийг авч, хамгийн залуу аварга болж байсан юм. Тэмцээнүүдээс хожсон нийт хожил нь одоогоор 22 сая ам.долларт хүрээд байна. Хожигдохдоо илт ундууцдаг, жаахан хүүхэд шиг уурладгаасаа болж “The Poker Brat” хочтой болсон энэ эрхэм 2007 онд Покерын алдрын танхимд бичигдсэн, энэ цагийн хамгийн шилдэг тоглоомчдын нэг билээ.

Дэлхийн хамгийн шилдэг 10 Покерчин
Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *

Трэнд нийтлэлүүд

To Top