Зөвлөгөө

ХАРВАРД, СТЭНФОРДЫН ТЭТГЭЛЭГТ ТЭНЦСЭН Ч.ЭГШИГЛЭНГИЙН ЗӨВЛӨГӨӨ

АНУ-ын Харвардын их сургууль бол  чанартай боловсрол эзэмшүүлдгээрээ дэлхийн шилдэг 100 сургуулийн эхний тавд багтдаг. Нэрийг нь сонсмогц сүрддэг энэ сургууль залуусын хувьд биелэгдэшгүй мөрөөдөл биш болохыг өдгөө 18 настай Ч.Эгшиглэн охин үе тэнгийнхэндээ үлгэр дууриалал болон харуулсан юм.

 

Тэрбээр ахлах анги хүртлээ Хобби сургуульд сурч, Австрали улсын Канбэрра хотод дунд сургуулиа төгссөн байна. Өдгөө Харвард, Стэнфордын их сургуулиудад  тэнцээд буй юм. Ирээдүйд мэдлэг, чадвартай боловсон хүчин болоод эх орондоо хувь нэмрээ оруулах зорилготой  Ч.Эгшиглэн гадаадын шилдэг их дээд сургуульд  хэрхэн тэнцэж, суралцах тухай  хувийн туршлагаасаа хуваалцлаа. Түүний зөвөлгөөг хүргэе.

1.Харвардын их сургууль нь эдийн засаг, улс төр гэх мэт хүмүүнлэгийн ухааны судлалаар давамгайлдаг бол Стэнфордын их сургууль шинжлэх ухаан, технологийн хөтөлбөр нь илүү байдаг.

2. Ямар ч зорилгoд хүрэхийн тулд хамгийн түрүүнд хэцүү бүхнийг даван туулах тэсвэр, тэвчээр хэрэгтэй. Өөртөө итгэл алдарч, бууж өгөх үедээ  өөрийнхөө төлөө биш, эх орон, гэр бүлийнхээ төлөө зүтгэж байна гэж бод.

3. Үргэлж шинийг сурч, илүүг бүтээх эрмэлзэлтэй байгаарай. Нийгмийн идэвх, хичээлээс гаднах амжилтуудыг Америкийн их дээд сургуулиуд үнэлдэг.  Хичээлээс гадна клуб, олон нийтийн үйл ажиллагаа, дугуйланд оролцох хэрэгтэй.

4. SAT-ын ерөнхий шалгалт өгөхөөр шийдсэн бол эртнээс бэлдэж эхлэх нь чухал. Энэ нь маш том шалгалт  тул бичих, унших, тоо бодох зэрэг олон чадвар сорьдог.

5. SAT, ТОEFL, IELTS гээд ямар ч шалгалтанд бэлдэхэд дасгал тест ашиглаж давтах нь их үр дүнтэй. Долоо хоногт 2-3 цаг сууж дасгал тест ажиллахыг зөвлөж байна.

6. Англи хэлээр унших бичих чадвараа сайжруулхад уран зохиолын ном англиар нь унших их үр дүнтэй. Онлайнаар хайвал олон ном үнэгүй олддог.

7. Чөлөөт цагаа дэмий үрэхгүй байх. Дуу хөгжим, спорт, уран зураг гээд өөрийн хүссэн ямар ч сонирхлоо дагаж болно. Гол нь түүндээ тууштай оролцож,  авьяас чадвааа дээшлүүлье гэсэн хүсэл тэмүүлэлтэй байгаарай.

8. АНУ-ын шилдэг их дээд сургуульд өргөдөл явуулахдаа 2-3 эссе бичих шаардлагатай байдаг.  Эссэг бичихдээ өөрийгөө яг ямар хүн болохоо таниулах зорилгоор бичих нь чухал.  Чамтай өрсөлдөж байгаа 40 мянга гаруй сурагчдаас юугаараа онцгойрч чадахаа сайн бодож түүнийгээ эссэндээ тусгаж бичих хэрэгтэй.

9. Сайн эссэ бичихийн тулд их дээд сургуулиудад тэнцсэн сурагчдын бичсэн эссэг олж уншаарай.

10. Харвард, Стэнфорд гэх мэт их сургуулиудад суралцсанаар чанартай боловсрол эзэмшихээс гадна олон улс орны оюутнуудтай цуг сурч, хамт амьдарч  шинэ хэл, соёлтой танилцаж ирээдүйн хүрээллээ өргөтгөх боломжтой.

11.  АНУ-ын шилдэг их сургуулиуд тэнцсэн оюутнууддаа санхүүгийн туслалцааг харамгүй үзүүлдэг.  Жишээлбэл, Харвардын их сургууль нь жилд 65 мянган ам доллароос бага орлоготой гэр бүлүүдэд 100% тэтгэлэг олгодог.

12. Тэтгэлэгт хамрагдахын тулд “CSS Profile” болон “IDOC Packet” гэдэг хоёр материал бүрдүүлж баталгаажуулах шаардлагатай. Үүнд өрхийн орлого, зарлага, мөн гэр бүлийнхээ хадгаламжийн талаарх мэдээллийг тайлагнах хэрэгтэй.

13. ЕБС-ийн сурагчид Зориг сангаас зохион байгуулдаг “MYSP” буюу “Монголын залуу эрдэмтэн” хөтөлбөрт оролцоорой гэж зөвлөе.Энэ нь АНУ-ын их сургуульд суралцах хүсэлтэй сурагчдыг бэлтгэх зорилготой долоо хоногийн сургалт юм.

14 Эцэст нь зөвлөхөд, өөртөө итгэлтэй байгаарай. Чадахгүй мэдэхгүй зүйл тохиолдсон ч “чаддаг болъё, мэддэг болъё” гэж өөрийгөө дайчилж байж зорилгодоо хүрнэ гэдгийг байнга санах хэрэгтэй.

 

ХАРВАРД, СТЭНФОРДЫН ТЭТГЭЛЭГТ ТЭНЦСЭН Ч.ЭГШИГЛЭНГИЙН ЗӨВЛӨГӨӨ
Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *

Трэнд нийтлэлүүд

To Top